Хичээлийн тодорхойлолт

Хичээлийн тодорхойлолт нь хичээл заах багшийн арга зүй болон хичээлийн зохион байгуулалтыг агуулсан баримт бөгөөд уг хичээлийг сонирхсон оюутнуудад хичээлийн талаар шаардлагатай мэдээллийг өгнө. Эхний хичээл дээр багш хичээлийн тодорхойлолтыг оюутнуудад танилцуулах бөгөөд энэ нь тухайн хичээлийн агуулга, хамрах хүрээ, ашиглах материал, явц болон улирлын шалгалтын хуваарь, бие даалтын ажлын хугацаа, үнэлгээний зарчим, хичээлийн туршид дагаж мөрдөх дүрэм, журам зэргийг тодорхой агуулсан байна. Хичээлийн тодорхойлолтыг сайн боловсруулсанаар оюутнууд тухайн хичээлийг сонгон судлахад хялбар болно.

Хичээлийн тодорхойлолт ямар байх ёстой вэ?

  1. Хичээлийн мэдээлэл: Хичээлийн нэр, хичээл орох танхим, цаг, цахимаар орох бол ямар платформ ашиглахыг оруулна.
  2. Багшийн мэдээлэл: Багшийн өрөө, ажлын цаг, утас, и-мэйл зэргийг бичнэ.
  3. Хичээлийн товч тайлбар ба үндэслэл: Хичээлийн зорилго, ерөнхий агуулга, сургалтын хөтөлбөртэй хэрхэн уялдах, хичээлийн ач холбогдол, хичээлийн залгамж холбоо, үнэлгээний зарчим зэргийг багтаана.
  4. Суралцагчдын суралцахуйн үр дүн: Хичээлийг судалснаар оюутны эзэмших мэдлэг, ур чадвар, дадлыг жагсаан бичнэ.
    • Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн: Уг хөтөлбөрөөр суралцах суралцагч болон хөтөлбөрийн үр дүнг холбох замаар агуулгыг бий болгоно.
    • Сургалтын байгууллагын үр дүн: Тус хичээл их сургуулийн ерөнхий зорилгод хувь нэмрээ хэрхэн оруулж байгааг хичээлийн хөтөлбөртөө тусгана.
  5. Хичээлийн хэлбэр, арга зүй: Хичээлийн бүтэц, зохион байгуулалт, заах арга, цахим сургалтыг шууд эсвэл шууд бусаар зохион байгуулах, ямар технологи шаардлагатай зэргийг багтаана.
  6. Хичээлийн шаардлага: Нэмэлт унших материал, тест, лабораторийн ажлууд, илтгэл, нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, бичил төсөл, бие даалтын ажил, хэлэлцүүлэг зэрэг нь оюутнууд үр дүнтэй суралцахад нь хэрхэн туслах вэ?
  7. Үнэлгээ: Юуг хэзээ, хэрхэн дүгнэх, лабораторийн ажил, бие даалтын ажил зэрэгт даалгаврын оноог хэрхэн хуваарилах, рубрикийн үнэлгээний аргачлалыг ашиглах, даалгаврыг дахин илгээх боломж олгох зэргийг багтаана.
  8. Хичээлийн дүрэм, журам: Даалгавраа хугацаанаас нь хоцроохгүй байх, хичээлийн ирц, хичээлд ашиглах програм хангамж, тоног төхөөрөмж, академик ёс зүй зэрэгт баримтлах зарчмыг танилцуулна.
  9. Үндсэн дүрэм: Судалгаанаас харахад хичээл явагдах зарчмыг тогтооход суралцагчдыг хамруулах нь хичээлийн явцад гарах сөрөг үр дагаврыг бууруулдаг байна.
  10. Хичээлийн цагийн хуваарь: Багштай уулзах өдөр, зөвөлгөө өгөх цаг, бодлого, гэрийн даалгавар, тест болон явцын шалгалт авах эсвэл илтгэл тавих хугацаа, бие даалтын ажил хамгаалах хугацаа, улирлын шалгалтын хуваарь зэргийг тодорхой оруулна.
  11. Амжилттай суралцах зөвлөмж: Тухайн хичээлийг амжилттай судлахын тулд суралцагчид ямар эх сурвалжуудыг мэдэж байх хэрэгтэй талаар, өмнөх жилүүдэд энэ хичээлийг судалсан суралцагчдад ямар сургалтын арга барил ашигласан нь үр дүнтэй байсан, суралцагчдыг төөрөгдөлд оруулах ямар эх сурвалжуудаас зайлсхийх талаар зөвлөгөө өгөх
  12. Мэдэгдэл: Улирлын явцад хичээлийн тодорхойлолтыг сайжруулж, засах тохиолдолд тухайн өөрчлөлтөд орж буй даалгавар, дуусах хугацаа болон үнэлгээний зарчим зэргийг оюутнуудад сануулах хэрэгтэй.

Тэмдэглэл: Эдгээр зөвлөмж нь судалгаанд суурилсан туршлага дээр үндэслэсэн хэдий ч заавал баримтлах шаардлагагүй.

Хичээлийн тодорхойлолт сургалтын хэрэглэгдэхүүн болох нь

  • Хичээлийг зураглах – Хичээлийн тодорхойлолт нь багшийн заах арга зүй болон тухайн хичээлийг ямар зохион байгуулалтаар заах талаарх мэдээллийг агуулна. Суралцагч төвтэй арга нь суралцагчдыг хичээлд татан оролцуулж, хамт олныг нэгдмэл болгоход тусална. Хичээлийн тодорхойлолт нь суралцагчдын суралцахуйд хувь нэмрээ хэрхэн үзүүлэхийг ойлгуулахын тулд тайлбар, үндэслэлийг оруулах нь зүйтэй юм. Суралцагчдад хичээлийн тодорхойлолтыг илүү сайн ашиглуулахын тулд хичээлийн эхний өдөр асуулт хариулт, тест зэргээр шалгаж, бататгах хэрэгтэй.
  • Үр дүнг нэгтгэх – Суралцагчдын чадварыг хэмжиж болохуйц суралцахуйн үр дүнгээр хичээлийн агуулгатай холбоно. Суралцагчдыг суралцахуйн үр дүн гэж юу болох талаар, тэдний сурах зорилго нь суралцахуйн үр дүнтэй хэрхэн нийцэж байгаа талаар эргэцүүлэл хийлгэж, тухайн хичээл суралцагчийн мэдлэгт ямар хувь нэмэр оруулж болохыг ойлгоход нь тусална.
  • Тасралтгүй суралцахуйг бий болгох – Суралцагчдад хөтөлбөр болон сургуулийн зорилгыг биелүүлэхэд уг хичээл ямар дэмжлэг үзүүлж байгааг харуулах байдлаар сургалтын төлөвлөгөөгөө төлөвлөх хэрэгтэй. Энэ нь суралцагчдад тэдний судалж буй хичээл бүр нь амжилтад хүрэхэд нь тус болох ур чадваруудыг бий болгох юм гэдгийг ойлгоход нь тустай юм.
  • Суралцагчдын оролцоотой сайжруулах – Хичээлийн тодорхойлолтыг сайтар нягталсны дараа, суралцагчдаар рүбрикийн аргаар хичээлийн тодорхойлолтод үнэлгээ хийлгэх хэрэгтэй. Хичээлийн тодорхойлолт нь эерэг өнгө аястай, тодорхой үндэслэлтэй байх ба хичээлийн туршид дагаж мөрдөх дүрэм, журмын талаар оюутнууд санал бодлоо илэрхийлэх боломжтой байвал зүгээр. Энэ нь багшийн талаарх оюутнуудын ойлголтод эерэгээр нөлөөлж, хичээлийн уур амьсгалыг сайжруулснаар суралцагчдыг идэвхжүүлэн, суралцах сонирхолыг нь нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар харуулсан байна.

Хэрхэн бичиж эхлэх вэ?

  • Жишиг тодорхойлолт – Ихэнх тэнхимд хичээлийн тодорхойлолт хийж байсан загвар файл хадгалагдаж байдаг тул тэнхим, харъяа нэгжээсээ эхлээд лавлана.
  • Хичээлийг төлөвлөх – Хичээлийн тодорхойлолтыг сайн боловсруулсан тохиолдолд хичээл ойлгомжтой байдаг. Хичээлийн зорилго, хичээлийн төгсгөлд суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, дадал зэргийг тодорхойлсоны дараа хичээлийн тодорхойлолтоо бичих нь эдгээр мэдээллийг оюутнуудад хүргэх хэрэглэгдэхүүн болно.
  • Бусдаас санал авах – Боловсруулсан хичээлийн тодорхойлолтоо хамт олон болон туршлагатай багш нартаа танилцуулж, тэдний саналыг сонсох, тусгах нь зүйтэй.

Түгээмэл асуултууд

  • Хичээлийн тодорхойлолтын агуулга том байх нь зөв үү? Багш нар хичээлийн туршид дагаж мөрдөх дүрэм, журам, хичээлийн зохион байгуулалт, болон даалгавар зэргийг нэг дор агуулсан нуршуу тодорхойлолт хийдэг. Энэ нь суралцагчдад хичээлийн агуулгаа хялбараар ойлгоход нь төвөгтэй байдаг уу?
    • Суралцагчдын хувьд суралцагч төвтэй, агуулгын хувьд нарийвчилсан хичээлийн тодорхойлолт хийх нь товчхон бичсэн хичээлийн тодорхойлолтоос илүү оюутнуудаа бодсон, сонирхолыг татсан, үр дүнтэй суралцахад нь нөлөөлдөг болохыг судалгаагаар харуулсан байна. (Saville, Zinn, Brown, & Marchuk, 2010, as cited in Richmond, 2016).
  • Хичээлийн тодорхойлолтоо хэрхэн илүү сонирхолтой болгох вэ?
    • Суралцагч төвтэй хичээлийн тодорхойлолт хийх нь суралцагчдын сонирхолыг татахад тустай байдаг талаар судалгаа гарчээ (Ambrose, Bridges, DiPietro, Lovett, & Norman, 2010). Уламжлалт хичээлийн тодорхойлолтын зарим текстийг графикаар солих, хичээлийн зураглал хийх эсвэл инфографик ашиглах гэх мэтээр сайжруулах боломжтой юм.

Хичээлийн график тодорхойлолт гэж юу вэ?

Хичээлийн график тодорхойлолт нь хичээлийн үед багшийн заах арга зүйг оюутны суралцах арга замтай холбох үр дүнтэй арга бөгөөд энэ нь хичээлийн үйл ажиллагааг инфографик, диаграм, урсгал диаграм (flowchart) зэргийг ашиглан суралцагчдад ойлгомжтой байдлаар хичээлийн явцын уялдаа холбоог харуулсан баримт юм. Уламжлалт хичээлийн тодорхойлолтыг бүтнээр нь эсвэл зарим хэсгийг график хэлбэрээр хийж болно. 

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177

betwoon skyloftsbet cratosroyalbet betwild pashagaming betbigo realbahis