Хичээлийн график тодорхойлолт

Хичээлийн тодорхойлолт буюу “syllabus” нь тухайн хичээлийн ерөнхий зураглалыг хэлнэ. Энэ баримт бичиг нь суралцагчдыг тухайн хичээлийн нарийвчилсан төлөвлөгөө, чухал мэдээллээр хангахаас гадна багш сургалтыг хэрхэн төсөөлж төлөвлөснийг харж болно. Хичээлийн тодорхойлолт нь үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт: Хичээл хэрхэн явагдах талаар удирдамж буюу багш оюутнуудын хооронд байгуулах гэрээ; Хоёрдугаарт: Хичээлтэй холбоотой чухал мэдээллүүд – (хичээлийн агуулга, он сар өдөр, хичээлийн багц цаг, хичээлийн залгамж холбоо, хичээлийн товч тайлбар, ашиглах материал, даалгаврын хугацаа, үнэлгээний хуваарилалт зэрэг)-ийг агуулдаг нэг төрлийн хичээлийн туршид ашиглах баримт; Гуравдугаарт: Хичээлийн явцад баримтлах зарчим, хичээлийн байрны нөөц хангамж, багшийн зөвлөгөө өгөх цаг, үнэлгээний аргачлал, даалгаврын жишиг загвар зэргийг багтаасан нэг төрлийн сургалтын хэрэглүүр (Parker & Harris, 2002; Ludy, Brackenbury, Folkins, Peet, & Langendorfer, 2016).

Хичээлийн график тодорхойлолт гэж юу вэ?

Хичээлийн график тодорхойлолт нь хичээлийн үед багшийн заах арга зүйг оюутны суралцах арга замтай холбох үр дүнтэй арга бөгөөд энэ нь хичээлийн үйл ажиллагааг инфографик, диаграм, урсгал диаграм (flowchart) зэргийг ашиглан суралцагчдад ойлгомжтой байдлаар хичээлийн явцын уялдаа холбоог харуулсан баримт юм. Уламжлалт хичээлийн тодорхойлолтыг бүтнээр нь эсвэл зарим хэсгийг график хэлбэрээр хийж болно. 

Яагаад хичээлийн график тодорхойлолтыг ашиглах хэрэгтэй вэ?

Хичээлийн график тодорхойлолт (engaging syllabus, digital syllabus, эсвэл visual syllabus гэх зэргээр нэрлэдэг) нь уламжлалт хичээлийн тодорхойлолтын элементүүд дээр өнгө будаг, цөөн хэдэн график нэмж өөрчлөхдөө биш харин оюутнуудад ойлгомжтой агаад хичээлээ амжилттай суралцахад нэн шаардлагатай зүйлсийг багтаасан интерактив баримт бичиг байх юм. Хичээлийн график тодорхойлолт нь уламжлалт хичээлийн тодорхойлолттой ерөнхийдөө төстэй боловч уншихад энгийн, ойлгоход хялбар, илүү уян хатан байдаг. Ийм төрлийн тодорхойлолт нь зөвхөн хичээлийн тодорхойлолт гэхээсээ илүү хичээлийн нэмэлт материалыг багтаасан (Bowers-Abbott, 2016), оюутнуудын сонирхлыг татсан, зөв чиглүүлсэн агуулгатай байдаг байна. (Dean & Fornaciari, 2014).

Хичээлийн график тодорхойлолт ямар байх хэрэгтэй вэ?

График: Тухайн хичээлийн агуулга эсвэл заах арга зүйг тусгасан зургуудыг багтаах, дэвсгэр өнгө нэмэх, түлхүүр үг, хэллэгийг тодруулах, хүснэгт, диаграммыг оруулах, мөн урт өгүүлбэрийг цомхон хэлбэрээр хураангуйлан бичнэ.
Бүтэц: Хичээлийн график тодорхойлолт нь нэг нүүр эсвэл олон хуудастай байж болно. Хичээлийн товч тайлбар, үндсэн бүрэлдэхүүн хэсэг зэргийг багтаасан байна.
Багшийн мэдээлэл: Багшийн мэдээллийг оруулахдаа зураг, холбоо барих мэдээлэл, оюутанд зөвлөгөө өгөх цагийг бичихээс гадна хичээлдээ ашиглах дуртай эшлэл зэргийг ч оруулж болох юм.
Хичээлийн мэдээлэл: Хичээлийн агуулга, ашиглах материал, шаардлагатай эх сурвалжууд, уулзалтын огноо, хуваарийг оруулж болно.
Заах арга зүй: Багшийн заах арга зүйг онцолсон товч мэдээллийг оруулна. Энэ нь оюутнуудад тухайн хичээлийг ямар ур чадвар, туршлагатай багш заах тухай мэдээлэл өгдөг.
Урам өгөх эшлэлүүд: Хичээлийн график тодорхойлолтод оюутнуудыг хичээлийн туршид идэвхжүүлэх, урам өгөх эшлэлүүдийг нэмж оруулж болно.
Зорилго ба үр дүн: Хичээлийн зорилго, үр дүнг тодорхойлсон хэсгийг тодорхой бичнэ.
Хичээлийн хуваарь: Долоо хоног бүрийн уулзалтын цаг, хичээлийн сэдэв, даалгавар, бие даалтын ажил, лаборатори зэргийн хуваарийг оюутнуудад өгнө. Багш товлосон хугацаандаа оюутнуудын бие даалтын ажил, төслийн ажил зэрэгтэй танилцаж, заавар зөвлөгөө өгөх ба ингэснээр оюутнууд өөрсдийн ажлаа засах, сайжруулах боломж бүрдэх юм.
Даалгавар болон бие даалтын ажил: Даалгавар, бие даалтын ажлуудын талаар мэдээлэл, мөн эдгээр нь сургалтын үр дүнтэй хэрхэн уялдаж байгааг тодорхой оруулна.
Холбоос: Суралцагчийн суралцах арга барилыг сайжруулах эх сурвалжуудын холбоосыг оруулна. Энд нийтлэл, цахим ном, видео, аудио эх сурвалж, вэб хуудас гэх мэтээс гадна ирц бүртгэл, даалгавар, бие даалтын ажлууд, рубрикийн үнэлгээг илүү дэлгэрэнгүй тайлбарласан материалуудын холбоосыг багтаана. Мөн багш, оюутны зайлшгүй мэдэх ёстой дүрэм журмын холбоосоос гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамааралтай дүрэм журам, эрдэм шинжилгээний ажил, судалгааны ажил бичих журам зэргийн холбоосыг багтааж болно.
Асуулт хариултын хэсэг: Хичээлийн явцад оюутнуудаас ирдэг асуултаас гадна түгээмэл асуултуудын жагсаалтыг оруулж болно.
Хичээлийн байрны мэдээлэл: Хичээлийн явцад оюутнуудад шаардлагатай хичээлийн байр, номын сан зэргийн мэдээллийг оруулна.
Зөвлөмж: Суралцагчдыг тухайн хичээлийг амжилттай суралцахад нь туслах зөвлөмж, суралцах аргуудыг жагсаах эсвэл холбоосыг оруулна.

Хичээлийн график тодорхойлолтыг хэрхэн үүсгэх вэ?

Microsoft Word, Google Slides, Google Docs эсвэл Canva зэрэг график үүсгэх програмаар хичээлийн график тодорхойлолтыг үүсгэх боломжтой байдаг. 

  • Хичээлийн график тодорхойлолтын жишээ

Sample Graphic Syllabus.pdf

  • Google Docs заавар

https://youtu.be/lWQKlZqDReA

  • Google Slides заавар

https://youtu.be/5B24TAJmzzk

  • Canva  програмын заавар

https://youtu.be/BqQ66XMMCKg

Ном зүй

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177