Ямар ч хичээлийн хувьд даалгаврыг оновчтой төлөвлөх нь олон хүчин зүйлээс шалтгаалах бөгөөд эдгээр нь хичээл болон бүлэг тус бүрийн хувьд харилцан адилгүй байдаг. Жишээ нь 25 оюутантай ангид 10 хуудас даалгавар тохиромжтой байж магадгүй, гэхдээ 125 оюутантай ангид ийм даалгавар тохиромжгүй (250 хуудас даалгаврыг шалгах боломжтой байж болох ч 1250 хуудас даалгаврыг шалгах бараг боломжгүй). Даалгавар оновчтой байх нь оюутныг идэвхжүүлэх гол хүчин зүйл тул үүнийг төлөвлөхөд цаг зарцуулах нь зүйтэй. Мөн оюутнууд нь даалгавар бүр дээр багшийн санал, шүүмжийг авахыг хүсдэг. Даалгавар илүү төвөгтэй, өндөр оноотой байх тусам багш тогтмол санал, шүүмж өгч байх нь чухал. Тиймээс цаг зарцуулан бодит эргэх холбоог үүсгэх нь сургалтыг илүү өгөөжтэй болгодог.
Даалгаврыг оновчтой төлөвлөхөд дараах хүчин зүйлсийг авч үзнэ:
- Ангийн оюутны тоо
- Суралцагчдаа тодорхойлох
- Хичээлийн шаардлагууд
- Сургуулийн зорилго
- Сургалтын зорилго
- Нийт үнэлгээнд эзлэх хувь
Оюутны тоо
Дээр дурдсанчлан тухайн ангийн оюутны тооноос хамаарч даалгавар төлөвлөлтийн хувьд хэрэгжиж болохоор байна уу, үгүй юу гэдэгт том ялгаа гарна. Хэдий багш суралцагч бүрийн гэрийн даалгаврыг 10 минутад шалгадаг байлаа ч гуравхан суралцагч нэмэгдэхэд даалгавар бүрийг шалгахад 30 минут нэмэгдэнэ гэсэн үг.
- Долоо хоногт хэдэн даалгавар өгөх нь оновчтой болохыг шийдэх
- Эргэх холбоо үүсгэх тохиоромжтой хэлбэрийг тооцоолох. Жишээ нь: оюутан бүртэй уулзах, онлайн шалгалт авах гэх мэт
Суралцагчдаа тодорхойлох
Уг хичээл нь ерөнхий суурийн хичээл үү? Эсвэл мэргэжлийн суурь хичээл үү? Тухайн хичээлийг судалж байгаа оюутнууд нь бага курс уу, ахлах курс уу эсвэл холимог уу? Уг хичээлийн талаар суурь мэдлэг суралцагчдад байгаа эсэх? зэргийг тодорхойлно. Онолын хувьд ахлах курс эсвэл тухайн хичээлийн талаар суурь мэдлэгтэй оюутнууд илүү хүнд даалгавруудыг гүйцэтгэх чадвартай байдаг. Хэдий тийм ч өөр мэргэжлийн ахлах курсын суралцагчид бага курсын суралцагчдаас илүү их цаг зарцуулж даалгавраа гүйцэтгэж болно.
- Уг хичээлийн талаарх суурь мэдлэгийг урьдчилсан тест авч мэдэх боломжтой. Ингэснээр багш оюутнуудын суурь мэдлэгээс хамаарч даалгавраа тохируулах боломжтой болно. Мөн ижил тестээр улирлын төгсгөлд шалгалт авч оюутан хэр их зүйл сурсныг харж болно.
- Оюутнуудын талаар сургалт удирдлагын мэдээллийн системээс (жишээ нь: SISi) тэдний ямар мэргэжлээр сурдаг, хэддүгээр түвшинд суралцдаг гэх мэт мэдээллийг цуглуулах боломжтой.
- Улирлын дунд санал асуулга явуулж хичээл хэрхэн явж байгааг тандаж болно. Тухайн хичээлийн даалгаврыг хийхэд тулгарч байгаа бэрхшээлийг тусгайлан асууж болно.
Хичээлийн шаардлагууд
Тухайн хичээл их сургуулийн шаардлагуудыг болон тухайн хичээлд тодорхойлсон тусгай шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Жишээ нь: Албан хэрэг хөтлөлтийн түргэвчилсэн хичээл нь суралцагчдаас их хэмжээгээр бичгийн ажил хийхийг шаардана.
- Тухайн хичээлд тавигдах тусгай шаардлагыг сургалт удирдлагын мэдээллийн системээс харах боломжтойгоор байрлуулна.
Сургуулийн зорилго
Их сургуулийн зорилгоос гадна тэнхимийн зүгээс тухайн хичээлийн үр дүнгийн талаар тодорхой бодлого баримтладаг. Жишээ нь: Тухайн хичээл нь илүү ахисан түвшний хичээлийг үзэхэд шаардлагатай суурь мэдлэгийг олгох үндсэн хичээл байж болно.
- Хичээлийн тодорхойлолтыг сургуулийн вэб хуудаснаас харах хэрэгтэй. Хэрэв энд тодорхой төрлийн даалгавар агуулсан байвал оюутнууд болон тэнхим эдгээр даалгаврыг гүйцэтгэнэ гэсэн ойлголттой болно. Жишээ нь: 1 төсөл хийх, 2 шалгалт авах, 3 жижиг хэмжээний бие даалтын ажил өгөх, 4 туршилт хийх гэх мэт.
- Тэнхимийн бусад багш, ажилтан, болон тухайн хичээлийг өмнө зааж байсан багшаас тухайн хичээлд ямар нэгэн тусгай шаардлага байгаа эсэхийг тодруулаарай.
Сургалтын зорилго
Даалгавар нь уг хичээлийн зорилгыг тусгаж, агуулгыг бататгасан байх хэрэгтэй. Энэ нь мэдээж юм шиг санагдаж байж болох ч багш нар ихэвчлэн өмнө нь байсан эсвэл бусад багш нар ийм байдаг гэсэн үүднээс даалгавруудыг өгөх хандлагатай байдаг. Заримдаа даалгаврууд нь хичээлийн зорилгоо бүрэн тусгаагүй байдаг. Жишээ нь: багаар ажиллах чадварыг хөгжүүлэх нь хичээлийн зорилго байсан гэвэл оюутнууд нэг нэгээрээ гүйцэтгэх даалгавар өгөх нь тохиромжгүй. Хэрэв олон үгтэй эсээ бичих нь тухайн хичээлийн зорилго биш бол 10 хуудас эсээ бичих даалгавар өгөх нь утгагүй юм.
- Даалгавруудаа бэлдэхээсээ өмнө хичээлийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Ихэвчлэн хичээлийн зорилго нь үнэндээ тодорхой даалгаврууд байдаг. Жишээ нь: Суралцагчид өөрсдийн сонгосон сэдвийг дагуу аман илтгэл тавих гэх мэт.
- Тухайн өгөгдсөн даалгавар нь хичээлийн ямар зорилготой уялдаж байгааг оюутнуудад ойлгуулах нь зүйтэй. Яагаад тухайн даалгаврыг хийж байгаагаа ойлгосноор оюутнууд илүү сурах эрмэлзэлтэй болох, тухайн даалгаврыг гүйцэтгэж ямар зорилгод хүрэхээ мэдсэнээр хэрхэн суралцаж байгаагаа ойлгоход тусална.
Нийт үнэлгээнд эзлэх хувь
Тухайн даалгаврын нийт үнэлгээнд эзлэх хувь нь даалгаврыг төлөвлөхөд чухал нөлөөтэй. Багш хэдий тухайн даалгаврыг бага үнэлгээтэй гэж хэлсэн ч суралцагчдад үнэлгээтэй даалгавар бүр чухал байх хандлагатай байдаг. Хэрэв даалгавар нь нийт үнэлгээний ихээхэн хувийг эзэлж байвал суралцагчид илүү тодорхой заавар, илүү сайн эргэх холбоотой байхыг хүсдэг.
- Тухайн даалгаварт багш хэр их хугацаа зарцуулах эсвэл оюутнууд хэр их хугацаа зарцуулахыг тооцоолох хэрэгтэй. Багш тухайн даалгаврыг чухал гэж үзээд оюутнууд үүнд илүү их цаг зарцуулж байгаа бол энэ даалгавар нь нийт үнэлгээний тодорхой хувийг эзлэх нь зүйтэй.