Оновчтой үнэлэх

Үнэлгээ нь суралцагч болон багшийн хувьд хамгийн хэцүү зүйлүүдийн нэг юм. Суралцагчийн хувьд дүнгээ хүлээх нь стресстэй байдаг ба заримдаа дүнд нөлөөлөх багахан онооны төлөө хэтэрхий санаа зовдог. Багш суралцагчдын дүнгийн талаарх стрессийг бодолцохоос гадна мөн өөрсдийгөө бодох хэрэгтэй. Ихэнх багш нар өөрийгөө шударга дүгнэсэн үү? гэдэгт санаа зовдог, ба дүн гаргахад хугацаа их зарцуулдаг гэж үздэг. Гэсэн ч үнэлгээ өгөх нь боловсролын салбарт хамгийн их давтагддаг ажлуудын нэг бөгөөд ямар ч багшийн ажлын томоохон хэсэг болдог. Оновчтой үнэлгээ хийх талаар зарим санаануудыг доор харуулав.

Яагаад дүн гаргадаг болсон бэ?

– Анх 1783 онд Йелийн их сургуульд дүн гэх ойлголтыг ашигласан бөгөөд 1883 онд Харвардын их сургуульд анх үсгэн үнэлгээг танилцуулсан байна. Хэдийгээр одоо ашиглаж байгаа үнэлгээний систем нь бидний сайн мэдэх ойлголт боловч энэ нь боловсролын салбарт харьцангуй сүүлийн үеийн ойлголт юм.

– Үнэлгээ нь багш нарт тухайн оюутны мэдлэг, ур чадварын түвшнийг бусад оюутнууд, их сургууль, нийгэмд таниулахад тусалдаг.

 Үр дүнтэй үнэлгээний сайн туршлагууд

Даалгавар бүрийн үр дүнг тодорхой болгох – Суралцагчид ямар үр дүн гарахыг урьдчилан таамаглаж байж даалгаврыг гүйцэтгэнэ. Багшид ойлгомжтой зарим мэдлэг суралцагчид ойлгомжтой биш байдаг. Ингэснээр суралцагчид бусад багш нараас өөр зааварчилгаа авах тохиолдол гардаг. Рубрик нь тухайн даалгаврын үр дүнг (багш болон оюутнуудын хувьд) тодорхой болгох, үнэлэхэд цаг хэмнэх тустай арга юм.

Үнэлгээ өгөх зарчмаа тодорхой болгох – Хугацаа хоцорсон даалгаврыг хүлээн авах эсэх, онлайнаар даалгавраа өгч болох эсэх, зарим даалгаврууд нь илүү их оноотой эсэх, даалгаврыг нөхөж хийх боломжтой эсэх, даалгаврын хугацаа дуусах үед суралцагч өвчтэй байсан бол хэрхэх тухай тодорхой тусгана. Багшийн туршлагаас үл хамаараад дээр дурдсан асуудлууд тулгарахаас өмнө үнэлгээний зарчмаа зайлшгүй тодорхой болгох хэрэгтэй. Мөн түүнчлэн хэрэв суралцагч дүнгийн талаар нягтлахыг хүсвэл дүнгийн зарчмаа барихад болно.

Холимог даалгавар – Өндөр болон бага оноотой даалгавар; богино хариулттай асуултууд, урт нийтлэл унших; илтгэл тавих, шалгалт өгөх зэргээр даалгавар холимог байж болно. Олон төрлийн даалгавар өгөх нь суралцагчийг төрөл бүрийн ур чадвар эзэмшүүлэх, сайн гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ. 

Даалгавар шалгах хугацаа (1-2 долоо хоног) – Суралцагчид даалгаврыг цаг тухайд нь шалгаж хариу өгөхөд таатай байдаг. Хурааж авсан даалгавруудыг өөртөө удаалгүй цаг тухайд нь хариуг өгөх нь тэднийг хүндэтгэж буй нэг хэлбэр юм. 

 Цагаа хэрхэн хэмнэх вэ?

Зөвхөн чухал зүйлсийг үнэлэх хэрэгтэй. Судалгаанаас харахад багш нарын ихэнх нь үнэлгээ өгөх нь хэцүү, цаг шаардсан ажил гэж үздэг. Зөвлөгөө: Тиймээс аль болох чухал зүйлсийг үнэлэх хэрэгтэй. 

Рубрик ашиглах. Рубрик нь даалгаврыг шалгах шалгуур үзүүлэлтийн жагсаалт юм. Багш даалгавар бүрийн шалгуур үзүүлэлтийг гаргачихвал үнэлгээ хийх цагийг хэмнэнэ. Заах арга зүйн давуу талуудыг нэмж өгч болно. Үүнд:

    • Рубрик нь суралцагчдад тодорхой төсөөллийг олгоно.
    • Рубрик нь суралцагчдад өөрийн даалгавраа өөрөө илүү сайн үнэлдэг болоход тусална.
    • Майкрософт Тиймс гэх мэт платформ ашиглан рубрикийг үүсгэж, суралцагчдад тарааж болно. Нэгэнт рубрикийг үүсгэчихвэл үүнийг өөр, өөр хичээлүүдэд ашиглаж болно. 

 Шалтгаангүй дүн нэмүүлэх сонирхолтой оюутнуудыг хэрхэх вэ?

Үнэлгээний зарчмыг тодорхой байлгах – Дээр дурдсанчлан үнэлэх зарчим тодорхой байх нь суралцагчдаас ирэх дүнгийн маргаанаас сэргийлнэ. Хэрэв суралцагчдаас дүнгийн гомдол ирвэл зарчмаа тайлбарлахад болно.

Дүн өгөх ач холбогдлыг бууруулах – Суралцагчдад хичээлд суух нь зөвхөн дүн авахын төлөө биш ямар нэгэн зүйл сурах гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Зарим суралцагчид тухайн үнэлгээ нь хувь хүнийг дүгнэж байна гэж үздэг. Суралцагчдад үнэлгээ нь тэдний хувь хүн эсвэл оюуны чадамжийг биш зөвхөн тэдний тухайн даалгаврын гүйцэтгэлийг үнэлж байгаа гэдгийг тодорхой ойлгуулах хэрэгтэй. 

Суралцагчдын дүнгийн талаарх асуудалд мэдрэмжтэй хандах – Хэдий хичээлд өгөх дүнгийн талаар ач холбогдлыг бууруулсан ч суралцагчид магадгүй дүндээ ач холбогдол өгч санаа зовсоор байдаг. Тэд амьдралынхаа ихэнх хугацааг сургуульд сайн сурахыг хичээж өнгөрүүлсэн бөгөөд тэдний ихэнх нь ахисан түвшний сургуульд суралцах сонирхолтой байдаг. Суралцагчдад тэдний амьдрал нь нэг даалгавраас хамаарахгүй гэдгийг ойлгоход туслах нь тэдний санаа зоволтыг зарим талаар багасгадаг.

Номзүй

  • Walvoord, Barbara E. and Virginia Johnson Anderson, Effective Grading: A Tool for Learning and Assessment, 2nd Edition, San Francisco: Jossey-Bass, 2009.

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177