Хичээлийн төлөвлөлт

Багш нар суралцагчдын сурах зорилго, суралцагчдыг хичээлд хэрхэн татан оролцуулах, ямар унших материал ашиглах, суралцагчид зорилгодоо хүрсэн эсэхийг хэрхэн дүгнэх талаар урьдчилан боддог. Энэхүү төлөвлөлт нь хичээлийн тодорхойлолтонд тусгагдсан байна.

Гэдрэг хичээлийн төлөвлөлт

Гэдрэг хичээлийн төлөвлөлт нь Грант Виггинсийн (Номзүй хэсгээс харах) гаргасан нэр томьёо бөгөөд энэ нь оюутнууд тухайн хичээлээр юу мэдсэн байх ёстой, ямар ур чадварыг эзэмших, хичээлийн төгсгөлд юуг эргэцүүлэх зэргийг тодорхойлж, хичээлийн эдгээр үр дүнгээс хамааруулан оюутнуудад ямар арга замаар эзэмшүүлэх тухай бодож, хичээлийг төлөвлөх процесс юм. 

Алхам 1: Хичээлийн зорилгоо тодорхойлох

  • Улирлын төгсгөлд оюутнууд энэ хичээлээс юу сурсан байхыг хүсэж байна вэ?
  • Хичээлийн төгсгөлд оюутнууд юуг мэдсэн, юуг хийсэн, юуг дүгнэсэн байхыг хүсэж байна вэ?

– Эдгээр асуултын хариулт нь уг хичээлийн зорилгын үндэс болно.

– Хариултуудаа аль болох тодорхой бичих хэрэгтэй. Зорилго тодорхой байх тусам түүнд хүрсэн эсэхийг харахад хялбар байх болно.

– Жишээ нь: “Оюутнууд шүүмжлэлт сэтгэлгээтэй болно” гэдэг бол үндсэн зорилго, гэхдээ үүнийг яаж батлах вэ? Оюутнууд шүүмжлэлт сэтгэлгээгээр бодож сурсан гэдгээ хэрхэн харуулах вэ? Илүү тодорхой байдлаар зорилгыг тодорхойлж болно: “Оюутнуудад багадаа 5 эх сурвалж ашиглан нотолгоонд суурилсан нийтлэл бичих”. Эндээс багш оюутнуудаас баримтаар нотлох чадвар суулгах зорилготой нь харагдана.

– Хичээлийн зорилгыг даалгавар дээр үндэслэн тодорхойлох нь суралцагч төвтэй хичээл байхад тусална.

Алхам 2: Хичээлийн зорилгоо багасгах

Хичээл хэд хэдэн зорилготой байж болох ч тав, зургаагаас олон болбол бүгдийг нь биелүүлэхэд хэцүү болно. Хэрэв та зорилгоо хоёр, гурав болгож багасгах хэрэгтэй бол ямар зорилгууд байх вэ? Багшийн хувьд хичээлээ заахад хамгийн чухал зүйлүүд юу вэ?

Алхам 3: Оюутнууд өөрсдийн мэдлэгээ хэрхэн харуулахыг тодорхойлох

Оюутнууд сурсан мэдлэгээ шалгалтаар харуулах уу? Хэдэн шалгалт? Албан болон албан бус бичгийн шалгалт тэдний мэдлэгийг тодорхой харуулж чадах уу? Эсвэл илтгэл тавих, бүтээл хийх (жишээ нь постер эсвэл вэб хуудас гэх мэт) зэрэг нь оюутнуудын мэдлэгийг үнэлэхэд илүү тохиромжтой юу?

Мөн гэрийн даалгаваруудыг хичээлийн зорилготой уялдуулан гүйцэтгүүлж болно. Жишээ нь: нэг зорилго нь оюутнууд Дэлхийн 1-р дайны гол шалтгаануудыг судлах, нөгөө нь дипломат харилцааны ур чадваруудыг дадлагажуулах байсан бол гэрийн даалгаврыг Дэлхийн 1-р дайны даалгаварт баг болгон хувааж багуудыг хэлэлцээр хийлгэх замаар хоёр зорилгыг давхар агуулсан сайн даалгавар хийлгэх боломжтой.

Оюутнууд сурсан мэдлэгээ хэрхэн шалгуулахыг тодорхой болгосоны дараа эдгээр үнэлгээ тус бүр ямар ач холбогдолтой болохыг тодорхойлно. Ерөнхийдөө үнэлгээг тус бүр нь чухал ч, энэ нь тухайн оюутны нийлбэр дүн болно.

Алхам 4: Оюутнуудад хэрэгтэй зүйлээ сурч, хэрэгжүүлэх боломжийг олгох үйл ажиллагаануудыг төлөвлөх

Юуг хэрхэн заахаа логик дараалалтайгаар зорилготойгоо уялдуулах хэрэгтэй. Сэдэв, гол санаагаа хэрхэн заахаа төлөвлөхдөө дараах зүйлсийг анхаар:

    • Оюутнуудыг сэдвээ ойлгож, агуулгаа анхааралтай судлахад нь туслах
    • Тэдэнд агуулгаа судлах, шаардлагатай ур чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
    • Оюутнуудыг үнэлж, дүгнэхээсээ өмнө тэдэнд ойлголт, чадвараа сайжруулах, давтах боломжийг олгох.

 Сургалтад баримтлах долоон зарчим

Эдгээр долоон зарчим нь сургалтын аль зорилго нь хамгийн чухал болохыг, мөн сургалтын ямар арга барил, хэлбэрээр тухайн хичээлийг илүү үр дүнтэй суралцаж болохыг тодорхойлоход тусална. Эдгээр зарчмыг хичээлийн төлөвлөгөөгөө тодорхой болгоход ашиглах зөвлөмжийн хамт дор орууллаа.

  • Оюутнууд чөлөөтэй харилцах боломжийг олгох
    • Ажлын цагаар (ажлын өрөө, онлайнаар холбогдох) холбогдох боломжтой байх
    • Оюутнуудыг өрөөндөө пицца идэхийг урьж, хичээлийн талаар ярилцах 
    • 24 цагийн дотор имэйлд нь хариу өгөх, эсвэл хуваарьт цагт хариу өгч байх
    • Хичээлийн цагаасаа хэдэн минутын өмнө эрт ирж оюутнуудтай чөлөөтэй ярилцаж байх
  • Оюутнуудын хамтын ажиллагааг дэмжих
    • Хичээлийн үеэр оюутнуудыг хоорондоо харилцах, зөвлөлдөх боломжийг олгох
    • Бие биеийх нь гүйцэтгэсэн ажлыг дүгнэх аргыг сургалтад ашиглах
    • Багаар гүйцэтгэх даалгавар өгөх, багт суурилсан суралцах аргыг ашиглах
  • Идэвхтэй сургалтын аргыг ашиглах
    • Лекц дээр сонссон мэдээллээ ашиглан асуудлыг шийдвэрлэх даалгавар өгөх 
    • Мэтгэлцэх эсвэл өөрийн бодлоо хуваалцах (think-pair-share ) аргуудыг ашиглах (оюутнууд асуултдаа өөрсдөө хариулах, бусад оюутантай ярилцах ба дараа нь ангийн нийт оюутнуудад хариултаа танилцуулах гэх мэт)
  • Санал, шүүмж өгөх
    • Хоёр долоо хоног тутамд оюутны даалгаварт санал, шүүмж өгөх (долоо хоног бүр өгөх нь зохимжтой)
    • Өөр ижил төстэй даалгавар өгөхийн өмнө өмнөх даалгавартаа тайлбар өгөх. Энэ нь оюутнуудыг дараа дараагийн даалгавартаа багшийн өгсөн санал, шүүмжийг тусгахад дэмжлэг болдог.
  • Даалгаврын хугацааг тооцоолох
    • Оюутнууд цаг зарцуулж гүйцэтгэсэн даалгавраа эргээд сайн санадаг. Уг хичээлийг судалж байгаа оюутнууд таны ойлгуулахыг зорьсон зүйлд цагаа зарцуулж чадаж байна уу?
    • Оюутнуудад хичээлийн төлөвлөгөөг тодорхой гаргаж өгсөнөөр тэдний хичээлийн улирлаа төлөвлөхөд нь тусладаг.
  • Нээлттэй харилцах
    • Даалгаврын чанар болон ангийнханы талаар бодлоо тодорхой илэрхийлэх
    • Сайн үлгэр дуурайлал үзүүлэх
  • Төрөл бүрийн авъяас, суралцах арга барилыг бодолцох
    • Даалгаврууддаа сонголт бий болгох 
    • Сургалтад зориулсан универсал дизайны талаар сонирхох (доор танилцуулав)

Сургалтад зориулсан универсал дизайн

Универсал дизайн нь бие бялдрын болон бусад чадварын ялгаатай байдлаас үл хамааран бүх хүмүүст хүртээмжтэй байх барилга байгууламж, бүтээгдэхүүнийг зохион бүтээх зарчмуудын багц бөгөөд энэ нь архитектурын салбараас анхлан үүсэлтэй. Сургалтад зориулсан универсал дизайн (UDL) гэдэг нь хичээлийн агуулгыг бүгдэд тааруулахаас илүү, хүн бүрд тохирсон байхаар төлөвлөж болно гэсэн санаа юм. UDL-ийн гурван зарчим нь:

  1. Мэдээлэл болон агуулгыг суралцагч өөртөө тохируулан үзэж болохоор олон янзаар (сурах бичиг, цахим ном, вэб сайт, видео, подкаст гэх мэт) оруулах
  2. Оюутнууд мэдлэгээ илэрхийлэх олон хэлбэр байж болохыг дэмжих 
  3. Олон аргаар суралцагчийн сонирхлыг өдөөж, сурах сэдлийг идэвхжүүлэх

Номзүй

  • Chickering, Arthur and Zelda Gamson. “Seven Principles for Good Practice in Undergraduate Education.” AAHE Bulletin, 39;7 March, 1986. (Reprinted online.)
  • Fink, L. Dee. Creating Significant Learning Experiences: An Integrated Approach to Designing College Courses. San Francisco, CA: Jossey-Bass 2003.
  • Wiggins, Grant and Jay McTighe. Understanding by Design, Expanded 2nd Edition. Pearson, 2005. (Available from FDC Library).

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177