Хичээлийн эхний өдөр

Туршлагатай багш ч хичээлийн эхний өдөр сэтгэл хөдлөл болон санаа зовсон мэдрэмжүүдийг мэдэрдэг. Учир нь багш улирлын туршид тодорхой цагийг хамт өнгөрөөх хүмүүстэй уулзаж байгаа. Гэхдээ хичээлийн эхний өдөр тухайн улирлын уур амьсгалыг бүрдүүлдэг тул улирлын туршид хичээл хэрхэн явагдах, ямар үйл ажиллагаа болох зэргийг танилцуулах төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй.

Хичээлийн эхний өдрийн төлөвлөгөөндөө оруулж болох зарим элементүүд:

1. Оршил

  • Багш өөрийгөө танилцуулах – Суралцагчид болон багш хоорондын эерэг харилцаа нь оюутны суралцах гол хөшүүрэг болдог. Өөрийнхөө тухай ямар нэг түүхийг оюутнуудад хуваалцсанаар эерэг харилцааг үүсгэх болно. Мөн тухайн хичээл яагаад сонирхолтой, юунд хэрэгтэй хичээл гэдгийг тайлбарлаж болно.
  • Хичээлийн тодорхойлолт, хичээлийн зорилго, хичээлийн туршид дагаж мөрдөх дүрэм, журмуудыг танилцуулах – Оюутнуудад хичээлийн тодорхойлолтыг уншуулахын оронд алхам алхмаар нь танилцуулах нь үр дүнтэй. Суралцагчдад хичээлийн тодорхойлолттой сайтар танилцах нь дараа нь төөрөгдөлд орохоос зайлсхийхэд тусална гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрэв хичээлийн тодорхойлолт уншуулж хичээлийн цагийг үрэхийг хүсэхгүй байгаа бол хичээлийн үндсэн агуулгыг эхлэхээс өмнө сурагчдаас хичээлийн тодорхойлолттой холбоотой жижиг тест аваарай. 
  • Сурах бичгүүдийг танилцуулах – Яагаад тухайн ном эсвэл бусад хичээлийн материалыг сургалтад ашиглахаар сонгосон шалтгаан, эдгээрийг хаанаас худалдан авч болох, мөн хямд өртгөөр авах боломжууд (хуучин ном, онлайн гэх мэт) байгаа эсэхийг тайлбарлаж өгөөрэй. Хэрэв та оюутнуудад заавал тухайн хэвлэлийг ашиглуулахыг хүсэж байгаа бол, ялангуяа тухайн ном нь үнэтэй бол тэдэнд энэ номыг авах нь яагаад чухал болохыг тайлбарлаарай.
  • Суралцагчдад бусдадаа өөрсдийгөө танилцуулах боломж олгохСуралцагчид өөрсдийгөө танилцуулах олон арга байж болно:
    • Энгийн танилцуулга – оюутнуудаас өөрсдийгөө танилцуулахыг хүсэх – нас, төрсөн он, мэргэжил, хаанаас ирсэн, яагаад энэ хичээлийг үзэх болсон гэх мэт (мөн өөр асуултууд байж болно)
    • Бусдыгаа танилцуулах – оюутнуудаас хажуудаа сууж байгаа хүнтэйгээ танилцах, дараа нь ангынхандаа хажууд суусан оюутнаа танилцуулахыг хүсэх гэх мэт.
    • Албан бус судалгаа – Хэрэв олон оюутантай хичээл бол албан бус судалгаа аваарай. Оюутнуудаас асуусан асуултад гараа өргөж хариулахыг хүсээрэй: Жишээ нь, Улаанбаатараас хэдэн хүн байна? Төгсөх ангийн хэдэн оюутан байна? Нэгдүгээр курсийн хэдэн оюутан байна? Цагийн ажил хийдэг оюутан байна уу? гэх мэт. Ингэснээр оюутнууд ямар хүмүүстэй хамт хичээл үзэж байгаагаа тодорхой хэмжээнд мэдэх болно. Эдгээр энгийн харилцан ярианаас хичээлтэй холбоотой асуултууд руу шилжиж болно.
    • Scavenger Hunt – “Ангууч” тоглоомын аргаар танилцах – Оюутнуудад “асуултууд” -ын жагсаалтыг өгнө. “Европ явж байсан хүнийг ол.”, “Нохойноос илүү мууранд дуртай хүнийг ол.” гэх мэт. Энэ арга нь цаг их зарцуулах тул сайн төлөвлөх хэрэгтэй.

………

2. Агуулга руу орох

Оюутнуудад тухайн хичээлийн агуулгын тодорхой түвшинд оролцох боломжийг олгож хичээлийн эхний өдөр сонирхлыг татах

  • Хичээлийн хэсгийг зохион байгуулахад үүсэх асуудал, хичээлийн туршид баримтлах зарчмыг танилцуулна. Мөн оюутнуудын санал бодлыг сонсож, дараа нь оюутнуудаас ирүүлсэн саналыг хичээлийн үеэр гүйцэтгэх даалгавруудтай уялдуулна
  • Оюутнуудаас тухайн сэдэвтэй холбогдолтой ямар нэг туршлага байгаа эсэхийг асууж хэлэлцүүлнэ. “Яагаад бид одоог хүртэл “Тунгалаг тамир”-ыг уншдаг вэ?”, ”Хоол тэжээлийн сонголтоо хэр ач холбогдол өгдөг вэ?”, “Сүүлийн хэдэн сард уншсан хамгийн сонирхолтой статистик мэдээ юу байсан бэ?” 

3. Оюутнуудыг хөгжүүлэхэд илүү анхаарах

  • Үнэлгээнд орохгүй урьдчилсан тест авах – Урьдчилсан тест нь оюутнуудын тухайн сэдвийн талаар мэдэхгүй зүйлийг тодорхойлох боломжийг олгоно. Энэ нь ур чадварт суурилсан хичээлд чухал ач холбогдолтой боловч, хичээлийн эхэн үеийн мэдлэгийн түвшнийг урьдчилсан тестээр дүгнэж болно. Хэрэв улирлын төгсгөлд уг шалгалтыг дахин авбал оюутнуудын хэр суралцсаныг дүгнэх боломжтой болно.
  • Оюутнуудаас суралцах гурван зорилгыг нь асуух – Эдгээр асуултууд нь оюутнууд урьдчилсан шалгалт дээр юу сурсан эсвэл энэ хичээлээс юу сурахыг хүсэж байгаа гэх мэт байж болно. Хариулт нь тодорхой байх тусмаа сайн. Жишээ нь: “А” авахыг хүсэж байна, таслал болон цэгтэй таслалыг хэрхэн ашигладгийг сурмаар байна, судалгааны асуултыг хэрхэн оновчтой тавих талаар сурмаар байна гэх мэт. Суралцагчдын идэвх сулрах үед (ихэвчлэн улирлын дундуур тохиолддог) тэдэнд зорилгыг нь эргэн сануулаарай.
  • Суралцагчдын талаар мэдээлэл авахдаа индекс карт ашиглах – Суралцагчдаас өөрийн мэдээллээ индекс картан дээр бичүүлээрэй. Жишээ нь нэр, суралцаж буй хөтөлбөр, тухайн хичээлийн талаарх ойлголт, юу мэдэхийг хүсэж байгаа гэх мэт. Хичээлийн төгсгөлд тухайн хичээлийн талаар ойлгомжгүй зүйл, хичээлийн талаар санаа зовж байгаа болон хичээлийн таалагдсан хэсэг зэргийг асууж болно. Дараа нь индекс картаа хураан авч ямар нэг ойлгомжгүй зүйл, санаа зовсон зүйл байгаа эсэх, мөн дараагийн хичээл дээр илүү тодруулах, дэлгэрүүлэх зүйл байгаа эсэхийг шалгаарай. 

Эхний өдрийн хичээлийн загвар төлөвлөгөө

 

 

Монгол Улсын Их Сургууль

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Байршил:

МУИС-ийн номын сангийн 209 тоот, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730, 75754400 – 1177